Валютын ханш гэдэг нь валютын зах зээл дээр нэг валютыг өөр нэгэн улсын валютаар солих үнэ юм. Валютын ханш буюу гадаад валютын үнэ уг валютын эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдоно. Валютын ханш нь 2 чиглэлд өөрчлөгдөх бөгөөд дараах байдлаар өөрчлөгддөг. Үүнд:

Валютын ханш сулрах: Нэг валютын өөр валютаар илэрхийлсэн өртөг буурах

Валютын ханш чангарах:Нэг валютын өөр валютаар илэрхийлсэн өртөг өсөх Жишээлбэл, 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3500 төгрөгөөс 3600 болж өссөн бол ам долларын ханш чангарсан гэж үзэх бол нөгөө талаасаа төгрөгийн ханш сулрах байдлыг илэрхийлнэ.

Валютын ханшийн хөдөлгөөнд тухайн улсын валютын ханшийн дэглэм чухал нөлөөтэй. Валютын ханшийн дэглэм нь доорх 3 төрөл байдаг.

Тогтмол ханшийн дэглэм:Тухайн улсын Төв банк үндэсний валютын бусад улсын валюттай харьцах ханшийг тогтмол түвшинд барих бөгөөд гадаад валютын хангалттай нөөцтэй байх шаардлагатай. Гадаад валютын зах дээр төрийн идэвхтэй оролцоо шаарддаг.

Чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэм: Төв банк үндэсний валютын ханшийг зах зээлд чөлөөтэй хэлбэлзэж байхыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд валютын захад оролцдоггүй, эрэлт нийлүүлэлтээр тогтохыг хүлээн зөвшөөрдөг.

Зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэм:Зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн үед валютын ханш валютын эрэлт, нийлүүлэлт буюу валютын урсгалаар тодорхойлогдох боловч валютын захад ханшийн огцом хэлбэлзэл бий болсон үед Төв банк хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор гадаад валют худалдах, худалдан авах байдлаар зах зээлд оролцдог.

Монгол Улсын хувьд 1992 он хүртэл тогтмол ханшийн дэглэмтэй байжээ. Харин 1996 онд Төв банкны тухай хууль батлагдсанаар Монгол улс зохицуулалттай хөвөгч ханшийн тогтолцоотой болсон. Өөрөөр хэлбэл валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тодорхойлогдох нөхцөл бүрдсэн. Валютын ханшид эрэлт болон нийлүүлэлтийн талын хүчин зүйлс нөлөөлдөг.

Эрэлтийн хүчин зүйлс:

Иргэд болон ААН-ийн орлого өссөнөөр дотоодын бараа, үйлчилгээний эрэлт нэмэгдэх бөгөөд дотоодын бараатай харьцуулахад импортын барааны үнэ илүү хямд байна. Тиймээс импортын барааны, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлдэг.

Нийлүүлэлтийн хүчин зүйлс:

Экспортын бараа, үйлчилгээ Гадаадын хөрөнгө оруулалт, зээл Төв банк илүүдэл эрэлтийг дэмжих хэмжээний гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн валютын ханшийг тогтвортой байлгадаг.

Эх сурвалж:

Төрөө. (2010, 11 03). Slideshare. From Валютын ханш ба төлбөрийн тэнцэл: https://www.slideshare.net/turtemuulen/ss-5654997

Монголбанк. (2023). From https://www.mongolbank.mn/mn/international-reserves