Гол санаа:

Монголд ажилгүйдэл, ажилгүй иргэн гэдэг шууд утгаараа ойлгогддог. Гэвч эдийн засгийн онолын хүрээнд тодорхойлбол ажилгүйдэл гэх ойлголт дотроо олон тодорхойлолтуудыг агуулж байдаг. Юунд түрүүнд ажилгүй иргэн гэж хэнийг хэлэх вэ гэдгээс эхэлье.

Ажилгүй иргэн гэдэг нь:

Хөдөлмөрийн насны (ҮСХ-ны тооцооллоор бол 15-с дээш насны иргэн байна)

Хөдөлмөр эрхлэх боломжтой

Ажил идэвхтэй хайж байгаа иргэнийг хэлнэ.

Ажилгүйдлийг үүсч буй төрлөөр нь авч үзвэл:

Завсрын ажилгүйдэл – Хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүссэн ажилгүйдэл.

Улирлын ажилгүйдэл – Улирлын чанартай ажил, мэргэжилтэй холбоотойгоор үүсч буй ажилгүйдэл.

Мөчлөгийн ажилгүйдэл – Эдийн засгийн уналт, сэргэлттэй холбоотойгоор үүсч буй ажилгүйдэл.

Бүтцийн ажилгүйдэл – Ажил мэргэжлийн онцлог, төрөлжилт, цомхотгол болон техникийн дэвшилтэй холбоотой үүсч буй ажилгүйдэл. (Буян, 2016)

Харин ажил эрхэлдэг иргэнд бүтэн цагийн, хагас цагийн, ээлжийн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг багтаан үздэг. Ажилтай болон ажилгүй иргэдийн тооны нийлбэрээр ажиллах хүчнийг тооцон гаргадаг. Энд ажилд орохыг хүсэхгүй байгаа иргэн, гэртээ хүүхдээ хардаг ээж, оюутан, ажилд орох итгэлээ алдсан хүмүүсийг дурдаагүйг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр, ажиллах хүч дээр эдгээр хүмүүсийг нэмснээр хөдөлмөрийн насны хүн амын тоо гардаг байна. Харин ажилгүйдлийн түвшинг олохдоо нийт ажилгүй иргэдийн тоог ажиллах хүчинд харьцуулж, хувиар илэрхийлдэг. (Hayes, 2021)

Эх сурвалж:

Hayes, A. (2021, 2 23). Unemployment. Retrieved from Investopedia: https://www.investopedia.com/terms/u/unemployment.asp

Буян, Д. (2016). Нийгмийн тухай мэдлэг. Улаанбаатар.

Үндэсний статистикийн хороо. (2017, 3 28-29). Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандартын дагуу Монгол Улсад хийгдэхээр хүлээгдэж буй ажлууд. “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт үндэсний семинар. Улаанбаатар: Үндэсний статистикийн хороо.