Гол санаа:
Төв банкууд инфляцийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь “Бодлогын хүү” юм. Бодлогын хүүг арилжааны банкууд төв банканд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг. Төв банк хэзээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай байдаг тул бодлогын хүүг “Эрсдэлгүй хүү” ч гэж нэрлэдэг. Бодлогын хүүг өөрчлөх замаар төв банк эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж эдийн засагт хэт халалт эсвэл удааширахаас сэргийлж эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зоридог. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү гаргах сонирхол нь буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ бодлогын хүү багассан байгаа үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтоно гэсэн үг.
Бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх хамгийн их нөлөө нь хүүг өөрчилснөөс 4-6 улирлын дараа илэрч, харин нөлөө нь бүрэн арилтлаа 2-3 жил шаардагдах тохиолдол ч бий. Иймд төв банкуудын мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүгээ өөрчлөхдөө үргэлж урагш харж, ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргахыг зорьдог байна.
Эх сурвалж:
Монгол банк. (2020). Мөнгөний бодлогын дохиолол: Бодлогын хүү. Retrieved from www.mongolbank.mn:
https://www.mongolbank.mn/listmonetarypolicy.aspx?id=0106
https://www.mongolbank.mn/listmonetarypolicy.aspx?id=0106
Parkin, M. (2008). Macroeconomics. United States of America: Greg Tobin.