Гол санаа:

Монетарист онолоор мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлох хамгийн чухал хэмжигдэхүүн.

Мөнгөний тооны онол бол монетаризмд хүрэх гол гишгүүр бөгөөд эдийн засагч Марк Блаугийн үзэж буйгаар, “эдийн засаг дахь хамгийн ахмад онол” ажээ.

Төв банк мөнгийг нөөцийн харьцаа, бодлогын хүү, нээлттэй захын үйл ажиллагаа гэсэн 3 арга хэрэгслээр хянадаг бөгөөд эдгээр арга хэрэгслүүд нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж эсвэл бууруулж байдаг.

Түүхэн алдарт Монетаристууд бол Милтон Фридман, Алан Гринспан болон Маргарет Тэтчер нар юм.

Монетаризмийн сургуулийн эдийн засгийн тухай ойлголт:

Мөнгөний тооны онол ёсоор тухайн үндэстний мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эдийн засгийн идэвхжлийг ихэсгэж байдаг. Эсрэг тохиолдолд буурна

Хамгийн алдартай монетарист нь Милтон Фридман бөгөөд тэрээр 1963 онд нийтэлсэн “АНУ-ын Мөнгөний түүх” номондоо монетарист онолыг ашиглан анхны нөлөө бүхий шинжилгээг хийсэн юм. Тэрбээр номондоо монетаризм бол инфляцитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга зам гэж үзсэн. Монетаристуудын үзсэнээр мөнгөний нийлүүлэлтийн хомсдол нь 1920-иод оны сүүл үед санхүүгийн тогтворгүй байдлыг ихэсгэж, их хямралын шалтгаан болсон. Эдийн засаг суларсан үед монетарист онол ёсоор Q-ийн өсөлтийн түвшин нь Р-ийн өсөлтийн түвшин (инфляци)-өөс их байдаг. Харин эсрэг тохиолдол буюу эдийн засаг өсөлттэй үед Р-ийн өсөлтийн түвшин Q-ийхээс их байдаг.

Монетаризмийн хөгжил

Монетарист эдийн засгийн үзэл баримтлал эдийн засгийн онолын нэр томьёо болон бодлогын хэрэглээний аль алинд нь 1970 оны нефтийн хямралтай тулгарах хүртэл хүч аваагүй байсан. Ажилгүйдэл болон инфляци сөрөг хамааралтай бөгөөд эдийн засаг сулрахад ажилгүйдэл хэдий ихэсдэг ч инфляци буурдаг гэсэн кейнсчүүдийн итгэл үнэмшил нь 1970-аад оны стагфляцийг тайлбарлаж чадахгүй байв. Нийлүүлэлтээс үүдэн үүссэн уг эдийн засгийн хямралын онолын хоосон зайг монетарист сургууль нөхсөн бөгөөд мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой гэдгийг харуулсан. Монетаризм нь орчин үеийн макроэкономикст олон чухал хувь нэмэр оруулсны нэг нь сангийн болон мөнгөний идэвхтэй дискрет бодлогын чадавх монетарист хувьсгал гарахаас өмнө найдлага тавьж байснаас хавьгүй хязгаарлагдмал гэдгийг нийт эдийн засагчдад ойлгуулсан явдал юм.

Мөнгөний нийлүүлэлтийг удирдах нь:

Мөнгөний нийлүүлэлтийг удирдах ажлыг Төвбанк хариуцдаг ба дараах 3 хөшүүргийн тусламжтай хэрэгжүүлдэг. Заавал байлгах нөөцийн харьцаа: Төвбанк нь мөнгөний нийлүүлэлтийг хянах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохицуулах зорилгоор пассивын дүнгийн тодорхой хувийг бэлэн нөөцийн байдлаар заавал байлгахыг банкнаас шаарддаг. Уг харьцааны багасалт нь банкнуудад илүү их мөнгө зээлэх боломжийг олгож мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэдэг. Санхүүжилтийн хүү: Төвбанк банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор банканд зээл олгодог. Уг зээлийн хүү буурснаар арилжааны банкны зээл авах хүслийг нэмэгдүүлж, олгох зээлийн хэмжээгээ ихэсгэх боломжийг олгодог. Нээлттэй захын үйл ажиллагаа: Нээлттэй захын үйл ажиллагаа нь засгийн газрын үнэт цаасыг худалдах болон худалдан авах гэсэн хэсгээс бүрдэнэ. Банкнуудаас энэхүү үнэт цаасыг худалдан авснаар зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг ихэсгэдэг бол банкуудад худалдсанаар мөнгөний нийлүүлэлтийг бууруулж байдаг.

Бодит амьдрал дахь монетаризмийн жишээ:

Монетаризмын үүсэл мөнгөний нийлүүлэлтийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх ач холбогдлыг харуулж олон улсууд эдийн засгаа тогтворжуулахад монетарист сургуулийн бодлого, зөвлөмжийг ашигладаг болсон. 2008 онд АНУ-ын санхүүгийн зах зээлийн хямралыг арилгахад Америкийн Төв банк холбооны сангийн хүүг 5.25 хувиар бууруулж мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж байсан ба эдүгээ Монгол улсад ковидоос үүсэлтэй хямралыг сааруулах зорилгоор мөн бодлогын хүүгээ бууруулаад байгаа нь олон улсад эдийн засгийн хямралтай тэмцэхэд монетарист онол том тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Монетарист онол нь төрийн оролцоо бүхий кейнсийн тасралттай бодлогыг эрс үгүйсгэж, тогтмол мөнгөний нийлүүлэлтийг дэмжсэн нь эдүгээ олон улсын төв банкуудыг засгийн газраас хараат бус болгоход том хувь нэмэр оруулсан. Төв банкны хараат бус байдал бага улс орнууд илүү хөгжилтэй байдаг хандлага харагддаг.

Ашигласан материал

Costa, P. N. (2014, February 21). Federal Reserve 2008: A Timeline of Fed Actions and Financial Crisis Events. Retrieved from wsj.com: https://www.wsj.com/articles/BLREB-23336 Mongolbank. (2021, May 4). Төв банкны санхүүжилтийн байнгын хэрэгслүүд. Retrieved from Mongolbank: https://www.mongolbank.mn/listmonetarypolicy.aspx?id=0203 Will Kenton. (2021, 3 23). Monetarist. Retrieved from Investopedia: https://www.investopedia.com/terms/m/monetarist.asp